Өндгөвчний уйланхайг шулж авах мэс засал

Хэвийн үед сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Гэтэл энэ үйл ажиллагаа алдагдаж уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг ба үүнийг бид өндгөвчний уйланхай гэдэг.

Өндгөвчний уйланхайн төрөл:

1.     Өндгөвчний үйл ажиллагааны уйланхай /хэвийн/

Сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фоликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.

2.     Дермойд уйланхай

Энэ нь  үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см хүртэл томорч болдог.  Ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог.

3.     Эндометройд уйланхай

Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж тэмдэг илэрнэ. Уйланхайны доторх агууламж нь шоколад шиг бор өнгөтэй, өтгөн бүтэцтэй шингэн байдаг.

Шинж тэмдэг:

  • Биений юм өвдөлттэй ирэх
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх
  • Биений юмны мөчлөг алдагдах (их хэмжээтэй  ирэх, ирэхгүй байх г.м)
  • Хэрэв уйланхай мушгирах, дотроо хагарвал хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих
  • Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Оношилгоо:

  • Асуумж
  • Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг
  • Хэт авиан оношлогоо-Өндгөвчний уйланхай нь хэвийн үйл ажиллагааны уйланхай эсвэл эмгэг эсэх, ямар бүтэцтэй байгаа, хэмжээ зэргийг тодруулан эмчилгээг төлөвлөнө. Шаардлагаатай бол компьютер болон MRI шинжилгээ хийдэг.
  • Энэ үед өндгөвчний хавдар зэргийг үгүйсгэх шинжилгээ/ Са-125/ авна.

Эмчилгээ:

  • Зарим тохиолдолд ямар ч эмчилгээ хийгээгүй байхад өндгөвчний уйланхай аяндаа өөрөө шимэгддэг.
  • Эмчийн зааврын дагуу дааврын эмчилгээ хийнэ.
  • Мэс засал эмчилгээ хийх. Өндгөвчийг үлдээж, зөвхөн эмгэг уйланхайг шулж авна.

Дараах тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ:

  • 1.     Эмийн эмчилгээнд үр дүнгүй
  • 2.     Өндгөвчний уйланхай удаан хугацаанд байсан
  • 3.     Хэмжээ том
  • 4.     Өндгөвчний уйланхай хагарч цус алдсан
  • 5.     Өндгөвчний уйланхай мушгирах
  • 6.     Өндгөвчний хавдар болох

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /нурууны бүсэлхийн рентген, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй, хүнд юм өргөхгүй гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: