Жирэмснээс хамгаалах ерөндөг буюу спираль тавиулах тухай ойлголт

Спираль тавиулах буюу умайн хөндийд тавигддаг  ерөндөг нь жирэмснээс хамгаалах өндөр үр дүн бүхий, аюулгүй арга юм.

Жирэмслэхээс хэрхэн хамгаалдаг вэ?

Эр бэлгийн эсийн  хөдөлгөөнийг сааруулж /удаашруулж/ эм бэлгийн эстэй нийлхээс сэргийлнэ. Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд саад учруулна.

 Давуу талууд

  • Өндөр үр дүнтэй
  • Ерөндөг тавьснаас хойш 5-10 жил жирэмслэхээс хамгаална.
  • Ерөндөгийг хүссэн үедээ авч болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.
  • Төрсөн, хөхүүл эхчүүдэд нэн тохиромжтой. Хөхний сүүний гарцанд нөлөөлөхгүй.
  • Дааврын эм хэрэглэхэд тохиромжгүй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой.
  • Бэлгийн харилцаанд саад болохгүй.

Сул талууд

  • БЗДХ болон ХДХВ/Дох-оос хамгаалахгүй.
  • Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, бага зэрэг өвдөлттэй ирэх шинж тэмдэг илэрч болно.

Ерөндгийг хэзээ тавьж болох вэ ?

  • Ерөндөг хэрэглэхээс өмнө та мэргэжлийн эмчээс эсрэг заалт байгаа эсэхийг тодруулан зөвлөгөө авч, үзлэг, шинжилгээ хийлгэх хэрэгтэй
  • Хэрэв жирэмсэн биш гэдэг нь найдвартай бол сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед тавьж болох боловч сарын тэмдгийн 3-5 дахь хоногт тавих нь хамгийн тохиромжтой
  • Төрсний дараа 4-6 долоо хоногийн дараа
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шууд тавьж болно.

Хяналтанд ирэх хугацаа

Ерөндөг тавьсны дараа 3-7 хоногийн дотор эмчид дахин үзүүлэх шаардлагатай

Ерөндөг өөрөө шалгах

Гараа сайтар угаасны дараа үтрээндээ хийн ерөндөгийн утсыг шалгана. Утас нь мэдрэгдэхгүй богиноссон эсвэл уртассан байвал эмчид хандах шаардлагатай.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид ирж зөвөлгөө аваарай

  • Сарын тэмдэг саатах
  • Сарын тэмдэг удаан үргэлжлэх, их хэмжээгээр цус алдах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл гарах
  • Бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөж халуурах

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency